Номын сан
125-р хичээл: 3 Нифай 15–16


125-р хичээл

3 Нифай 15–16

Оршил

Есүс Христ Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хийсэн номлолоо үргэлжлүүлэхдээ Тэрээр Мосегийн хууль гүйцэлдсэн бөгөөд Өөрийгөө хүмүүсийн харж байх ёстой гэрэл ба хууль хэмээн тунхагласан. Дараа нь Тэрээр арванхоёр шавьдаа Америк дахь хүмүүс Иерусалимд Түүний ярьж байсан “бусад хоньд” байсан гэдгийг тайлбарласан (Иохан 10:14–16-г үзнэ үү). Наманчилж, Түүн дээр эргэж ирсэн хүмүүс Түүний гэрээт хүмүүсийн дунд тоологдох болно хэмээн Тэрээр амласан.

Заах зөвлөмж

3 Нифай 15:1–10

Аврагч Өөрийгөө Мосегийн хуулийг гүйцэлдүүлсэн хэмээн тунхагладаг

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич:

Аравны нэгийг яагаад төлдөг вэ? Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь яагаад сахидаг вэ? Эцэг эхээ яагаад хүндэлдэг вэ?

Хичээлээ эхлэхдээ самбар дээрх асуултууд руу заан асуу:

  • Зарим хүн Их Эзэн зарлигуудыг яагаад өгдгийг гайхаж болно. Та нар зарлигуудын зорилгыг хэрхэн тайлбарлах вэ?

Суралцагчдад, Есүс Христ нифайчуудад зааварчилж байхдаа Тэрээр тэдэнд Түүний зарлигуудын нэг зорилго нь хүмүүсийг Түүн рүү чиглүүлэх явдал хэмээн заажээ гэж тайлбарла. Суралцагчдыг 3 Нифай 15-ыг судалж байхдаа энэ зорилгыг эрэлхийлэхэд урь.

Аврагч цугласан олонд ярьж байхдаа тэдний заримд нь асуулт байгааг Тэрээр анзаарсан гэдгийг тайлбарла. Суралцагчдаас 3 Нифай 15:1–2-ын эдгээр хүмүүс юу мэдэхийг хүссэнийг олж мэдэхийн тулд гүйлгэж уншихыг хүс. (Аврагч тэднээр “Мосегийн хуулийн талаар” юу хийлгэхээр хүссэнийг тэд мэдээд гайхсан.) Нифайчуудын бишрэл, ёслол мөргөл болон сүмийн зохион байгуулалт нь хүмүүсийг Есүс Христэд ирэхэд нь бэлтгэх болон тэднийг Түүний гэтэлгэгч золиослолыг хүлээхэд туслахаар Мосегийн хуулин дээр босгогдсон. Зарим нь Мосегийн хуулийг сахихынхаа оронд юу хийх ёстойдоо эргэлзсэн нь тодорхой.

Нэг суралцагчаас 3 Нифай 15:3–5, 9-ийг чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчуудыг итгэлээ өөрчлөх хэрэггүйг дахин баталсан байж болох тайлбар дахь үгсийг хайж олохыг хүс. Цөөн хэдэн суралцагчаар олж тогтоосон үгсийн талаар хуваалцуул. Тэд эдгээр үгсийг нифайчуудад хэрэгтэй гэж яагаад бодож байгаа талаар тайлбарлахыг тэднээс хүс.

  • Есүс Өөрийгөө “хууль” хэмээн тунхаглахдаа юу заасан гэж та нар бодож байна вэ? 3 Нифай 15:9).

Суралцагчид янз бүрийн хариулт өгч болно. Тэднийг хариулж байхад нь дараах үнэнүүдийг тогтооход тусал (тэдгээр үнэнийг самбарт бич): Есүс Христ бол хуулийн эх сурвалж юм. Сайн мэдээний бүх хууль биднийг Есүс Христ болон Түүний Цагаатгал руу чиглүүлдэг. Хэрэв бид Түүний зарлигуудыг дагавал мөнх амьдралыг хүлээн авна.

  • Эдгээр үнэн нифайчуудад энэ цаг үед ойлгоход нь яагаад чухал байсан бэ? (Та шинэ хууль нь Мосегийн хууль шиг Аврагч болон Түүний Цагаатгал руу чиглүүлдэг гэдгийг онцлохыг хүсч болно. Хүмүүсийн бишрэн шүтэх аргуудын зарим нь өөрчлөгдөх ч тэд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж мөн Эцэгийг Түүний нэрээр бишрэхээ үргэлжлүүлэх болно.)

Гэтэлгэгчийн талаарх бошиглогчдын үгс Түүнд биелсэн шиг ирээдүйн үйл явдлуудын талаарх тэдний бошиглол мөн биелнэ хэмээн Аврагч баталсан гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 15:6–8-ыг товчлон дүгнэ. Тэрээр мөн Түүний хүмүүстэйгээ хийсэн гэрээ нь хүчинтэй хэвээр бөгөөд биелэгдэх болно гэдгийг тайлбарласан.

Нэг суралцагчийг 3 Нифай 15:9–10-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, самбар дээр бичсэн үнэнүүдийн тухай мэдлэгээр хүмүүсээрээ Аврагч юу хийлгэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Христ рүү “ханд” гэсэн нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдыг 3 Нифай 15:9–10-ыг давтаад, Их Эзэн биднийг сайн мэдээгээр амьдрах арга зам, үр дүнд нь ирэх адислалд хэрхэн хүрэхийг хүссэн талаар дүгнэхийг хүс. (Суралцагчид энэ судрын хэсгийг өөр өөр аргаар товчлон хэлэх ч тэдний хариулт дараах зарчмыг тусгах ёстой: Хэрэв бид Есүс Христийн зарлигуудыг сахиж, эцсээ хүртэл тэвчин Түүн рүү харвал Тэр бидэнд мөнх амьдралыг өгнө.)

  • Зарлигуудыг нь сахилгүйгээр Есүс Христийг дагах нь боломжтой юу? Яагаад үгүй гэж?

Суралцагчдыг хичээлийн өмнө самбар дээр бичсэн асуултуудыг бодож үзэхэд урь.

  • Есүс Христэд хандалгүйгээр гадна байдлаараа зарлигуудыг сахих нь хүнд боломжтой юу?

  • Хүмүүн нь Есүс Христэд хандалгүйгээр гадна байдлаараа зарлигуудыг сахиж болох шалтгаан юу вэ? (Хариултууд нь үүрэг хариуцлага, шийтгэлээс айх, гадаад төрхөндөө тохируулах эсвэл үүнийгээ хадгалах хүсэл эсвэл дүрэм журамд дуртай байх зэрэг байж болно.)

  • Зарлигуудыг дуулгавартай дагахын шалтгаанууд нь юу байх ёстой вэ? (Бид Их Эзэнийг хайрладаг, Түүний таалалд нийцэхийг хүсдэг мөн Түүн дээр очихыг хүсдэг учраас зарлигуудыг нь сахих ёстой.)

  • Та нар үнэн хүсэлтэйгээр зарлигуудыг сахиснаараа хэрхэн адислагдаж байсан бэ?

Суралцагчдыг ойлгож аван, дагахад хүндрэлтэй байсан зарлиг юм уу сайн мэдээний жишгийн талаар бодоход урь. Тэднийг хэрэв тэдний Их Эзэнийг гэсэн хайр нь дуулгавартай дагах шалтгаан болбол энэ зарлиг болоод жишгийн тухай мэдрэмж нь хэрхэн өөрчлөгдөхийг бодоход урь. Тэднийг Их Эзэнд хайртайн учир зарлигуудыг дуулгавартай дагахад урамшуул. Зарлигууд нь таныг Тэнгэрлэг Эцэг болон Аврагчид илүү ойртоход тусалсан арга замуудын талаар хуваалц.

3 Нифай 15:11–16:5

Есүс Христ шавь нартаа Өөрийн бусад хонины тухай ярьсан

Суралцагчдыг тэд хэзээ нэгэн цагт хэн нэгнээс илүү биш гэж мэдэрч байсан бол гараа өргөхийг хүс. Тэд ер нь мартагдсан юмуу ганцаардсан эсвэл Тэнгэрлэг Эцэг тэдний хэн гэдгийг мэдэх эсэхэд эргэлзэж байсан эсэхээ бодохыг хүс.

Дараах мэдэгдлийг самбар дээр бич: Бурхан Өөрийн бүх хүүхдэд санаа тавьж, мөн Өөрийгөө тэдэнд үзүүлдэг. Суралцагчдад энэ мэдэгдлийн үнэнийг батлаад, тэднийг 3 Нифай 15-ын үлдсэн хэсэг болон 3 Нифай 16-гийн эхний хэсгийг судалж байхдаа энэ үнэний баталгааг харахад урь.

Нэг суралцагчийг 3 Нифай 15:11–17-г чанга уншихад уриад суралцагчдаас Их Эзэн Иерусалим дахь хүмүүст Америк дахь хүмүүсийнхээ тухай юу хэлснийг олж тогтоохыг хүс. Та мөн суралцагчдаар Иохан 10:14–16-г уншуулж болно. (Суралцагчдад “бусад хоньд” гэдэг нь Хоньчин Есүс Христийн бусад дагагчдыг хэлж байгааг ойлгоход нь тусал. Хороо гэдэг үг нь хонины саравчийг төлөөлж болох ч энэ нь мөн нэг итгэлтэй бүлэг хүмүүсийг төлөөлдөг.)

  • 3 Нифай 15:17-д өгүүлснээр Их Эзэн хэрхэн Өөрийгөө бусад хүмүүст болон дагагчдадаа үзүүлнэ гэж амласан бэ? (Тэд Түүний дуу хоолойг сонсоно.)

Нэг суралцагчаас 3 Нифай 15:18–19-ийг чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Тэнгэрлэг Эцэг яагаад Есүс Христэд Иерусалим дахь хүмүүсээс Өөрийн бусад хонины тухай мэдлэгийг өгөхгүй байхыг тушаасан шалтгаануудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг мэдсэнээ хариулсны дараа асуу:

  • Бид үүнээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тусгасан байх ёстой: Бурхан бидэнд итгэл болон дуулгавартай байдлын маань дагуу мэдлэг болон үнэнийг өгдөг.)

Их Эзэн нифайчуудад тэд Түүний ярьсан бусад хоньд байсан хэдий ч Иерусалим дахь иудейчүүд Түүнийг Харийнхан эсвэл Израилийнх биш хүмүүсийн тухай ярьсан гэж бодсон гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 15:21–23-ыг товчлон дүгнэ. Харийнхан Түүний дуу хоолойг биечлэн сонсохгүй гэдгийг тэд ойлгоогүй.

Нэг суралцагчийг 3 Нифай 15:24-ийг чанга уншихад уриад ангийнхнаас Их Эзэн нифайчуудад Өөрийн халамжийг хэрхэн баталсныг сонсохыг хүс. Та суралцагчдаас хэрэв Их Эзэн эдгээр үгсийг тэдэнд хэлэхийг сонссон бол тэд ямар мэдрэмжтэй байх байсныг асууж болно.

Суралцагчдыг 3 Нифай 16:1–3-ыг чимээгүй уншаад Аврагчийн дуу хоолойг өөр хэн сонссоныг олж тодорхойлохыг хүс. Аврагчийн айлчлан очсон бусад газар болон хүмүүсийн тухай тэмдэглэл байхгүй ч Тэр бусад бүлэг буюу “хороонд” айлчлан очсон гэдэг нь тодорхой байна гэдгийг тайлбарла.

Аврагч Өөрийгөө Түүний дуу хоолойг сонсдоггүй хүмүүст мөн үзүүлдэг гэсэн санааг танилцуулаад суралцагчдыг судруудаас хариулт хайхад урихаасаа өмнө дараах асуултуудыг асуу:

  • Аврагчийн дуу хоолойг сонсох боломжгүй байсан хүмүүсийн тухайд яах вэ? Тэрээр тэдгээрийн төлөө санаа тавьдгаа хэрхэн үзүүлдэг вэ?

Суралцагчдыг 3 Нифай 15:22–23 болон 3 Нифай 16:4-ийг Их Эзэн Өөрийгөө Харийханд үзүүлэх болно гэдгээ хэрхэн тунхагласныг хайхад урь (бусдад номлосноор, Ариун Сүнсний гэрчээр, бошиглогчдын бичээсээр).

  • Эдгээр тунхаглал нь Бурхан Өөрийн бүх хүүхдийг халамжилдгийг хэрхэн үзүүлсэн бэ?

  • Их Эзэн Өөрийгөө та нарт болон гэр бүлийнхэнд тань ямар байдлаар үзүүлсэн бэ?

  • Их Эзэний Өөрийгөө бүх хүмүүстээ үзүүлэх оролдлогод нь та нар хэрхэн тусалж болох вэ?

3 Нифай 16:6–20

Есүс Христ хожмын өдрүүдэд сайн мэдээг хүлээн авсан тэдгээр Харийнханд адислал болон сэрэмжлүүлгийг хэлдэг

Суралцагчдаас тэд ер нь ямар нэг бүлэг, клуб эсвэл багийн нэг хэсэг болохыг хүсч байсан эсэхийг асуу. Тэдний нэг хэсэг нь болохыг хүссэн бүлгийн гишүүн болоход ямар шаардлагууд байсан талаар асуу. Бидний гишүүн нь болж чадах хамгийн агуу бүлэг бол Их Эзэний гэрээт хүмүүсийнх гэдгийг зөвлө.

Нэг суралцагчийг 3 Нифай 16:6–7-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Их Эзэн Харийнхан Өөрт нь итгэж, Израилийн угсааныхан Өөрт нь үл итгэснээс болж хожмын өдрүүдэд юу тохиолдох болно хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс. (Та Мормоны Номын бошиглогчдын хэрэглэсэн томьёолол болох Харийнхан гэдэг нь Ариун нутгаас ирээгүй хүмүүсийг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно. Тиймээс энэ үг нь үл итгэгчид, өөр итгэлтэй гишүүдийн адил мөн Сүмийн гишүүдийг хэлж байгаа болно.) Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христ хожмын өдрүүдэд Израилийн гэр бүлийн гишүүдийг тарааж мөн муугаар хандах үл итгэгч Харийнхан байна гэж бошиглосон гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 16:8–9-ийг товчлон дүгнэ. Нэг суралцагчийг 3 Нифай 16:10-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, үл итгэгч тэдгээр Харийнханд юу тохиолдохыг олж мэдэхийг хүс.

  • Үл итгэгч Харийнхан юугаа алдана гэж Их Эзэн тунхагласан бэ?

  • Энэ нь үнэнийг мэддэг ч бардам байдалд өргөгдсөн тэдгээр хүмүүст хэрхэн хамаарагдах вэ?

Их Эзэн Израилийн угсаатай хийсэн гэрээгээ тэдэнд сайн мэдээг авчирснаар сахихаар амласан гэдгийг тайлбарла (3 Нифай 16:11–12-ыг үзнэ үү). Нэг суралцагчийг 3 Нифай 16:13-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, хүмүүн нь Их Эзэний гэрээт хүмүүсийн нэгэн гишүүн болоход юу шаардагддагийг олж мэдэхийг хүс. Дараахыг самбар дээр бич: “Хэрэв бид … , тэгвэл бид …” Суралцагчдаас энэ өгүүлбэрийг гүйцээхдээ 3 Нифай 16:13-ыг ашиглахыг хүс. Суралцагчид дараах үнэнийг олж тодорхойлох хэрэгтэй: Хэрэв бид наманчилж мөн Есүс Христэд эргэн ирвэл Түүний хүмүүсийн дунд тоологдох болно.

  • Их Эзэний хүмүүсийн дунд тоологдох нь яагаад адислал вэ?

Өнөөдрийн хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 15:1–2. “Хуучин зүйлүүд улирч одоод, мөн бүх зүйл шинэ болсон”

Аврагчийн мөнх бус байдал дахь тохинууллын үед Мосегийн хууль мянга гаран жилийн турш израилчуудын шашин болон нийгмийн амьдралын суурь байжээ. Нифайчууд гуулин ялтсууд дээр бичигдсэн бичээсүүдийг эзэмшдэг байсан бөгөөд Нифай үндэстэн бошиглогчид уг хуулийг зааж мөн дагадаг байсан. Аврагч нифайчууд дээр айлчлахдаа Тэрээр тэдэнд хууль нь Түүнд бүхлээрээ биелэгдсэнийг заасан. Хэдий тийм ч тэд Мосегийн хуулийг устгагдсан юм уу “улирч одсон” хэмээн бодох ёсгүй байв (3 Нифай 12:17–18). Аврагч хэрхэн Мосегийн хуулийг “устгалгүйгээр” харин “гүйцэлдүүлсэн” бэ? Мосегийн хууль нь ёс суртахуун болон шүтлэгийн талуудыг хоёуланг нь багтаасан.

Ёс суртахууны талуудад нь “Чи хүн бүү ал” болон “Чи садар самууныг үйлдэх ёсгүй” зэрэг зарлигууд багтсан байна. Есүс Христ нифайчуудад тэд зөвхөн аллага болон садар самуунаас зайлсхийгээд зогсохгүй аллага болон садар самуунд хөтөлдөг зүрх сэтгэлийн нөхцөл болох—уур хилэн болон тачаадалтаас зайлсхийхийг заасан (3 Нифай 12:21–30-ийг үзнэ үү). Тиймээс Есүс Христийн сайн мэдээ нь хуулийг илүү дээд хууль байхаар Мосегийн хуулийн ёс суртахууны талуудаар өргөжүүлснээр гүйцэлдсэн; үүнд Мосегийн хуулийн ёс суртахууны чухал хэсгүүд багтдаг бөгөөд тэдгээрийг зүрх сэтгэлийн өөрчлөлтийг шаарддаг илүү өргөн сайн мэдээний зарчмуудын нөхцөлд байрлуулсан.

Мосегийн хуулийн шүтлэгийн талууд нь Абинадайгийн “гүйцэтгэлүүд” болон “ёслолууд” хэмээн нэрлэсэн амьтны золиослол хийгээд шатаах өргөлүүдийг багтаасан байдаг (Moзая 13:30). Нифай үндэстэн бошиглогчид Мосегийн хуулийн эдгээр хэсгүүд нь хүмүүсийг Есүс Христийн гэтэлгэгч золиослолыг харуулдан байхад туслахын тулд байсан гэдгийг ойлгосон байсан (2 Нифай 25:24; Иаков 4:5; Moзая 16:14–15-ыг үзнэ үү). Тийм учраас, Аврагчийн мөнх бус тохинуулал гүйцэлдэхэд эдгээр урагш тэмүүлсэн ёслолууд нь болж өнгөрсөн үйл явдал—ирээдүйн үйл явдлуудыг цаашдаа урьдчилан хэлэхээ больсон байна. Тиймээс Аврагч нифайчуудад амьтны золиослол болон хайлах өргөлүүд “улирч одсон” бөгөөд үүний оронд Түүний дагалдагчид “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр” “золиослол” өргөх болсныг заасан (3 Нифай 9:19–20). Цагаатгал руу чиглэсэн ёслолуудын оронд Аврагч Түүний цагаатгагч золиослолыг эргэн харахын тулд санамжийн ёслол болох ариун ёслолыг танилцуулсан (3 Нифай 18:1–11-ийг үзнэ үү).

Ахлагч Брүс Р.Макконки “Есүс Мосегийн өдрүүдээс өмнө, илүү бага журмын цаг үеийн өмнө хүмүүсийн хэрэглэдэг байсан сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхээр ирсэн. Тэр мэдээж оюутнууддаа интегралын хэрэглээг илрүүлээд арифметикийг үгүйсгэдэг профессор шиг Мосед өөрийн биеэр илчилсэн зүйлээ сүйтгэх гэж ирээгүй. Есүс Мосегийн тавьсан суурин дээр барихаар ирсэн. Сайн мэдээний бүрэн байдлыг сэргээснээрээ тэр сайн мэдээний бэлтгэлийн үүргүүд болон нөхцөлүүдэд дуулгавартай байдлын хэрэгцээг гүйцэтгэсэн. Хэн ч сарны гэрэлд явах хэрэггүй болсон, учир нь нар бүхий л сүр хүчээрээ мандсан билээ” гэж хэлжээ (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:219–20; мөн Стэфэн И. Робинсон, “The Law after Christ (Христийн дараах хууль),” Ensign, 1983 оны 9-р сар, 69–73-ыг үзнэ үү).

3 Нифай 15:1–10. Есүс Христ Мосегийн хуулийг өгөөд мөн гүйцэлдүүлсэн

Мормоны Номын эртний бошиглогчид Мосегийн хууль яваандаа гүйцэлдэх болно гэдгийг заасан. Нифай, Иаков мөн Абинадай нар бүх хүмүүсээ яваандаа Мосегийн хуулийн төгсгөлийг хүлээн авахад бэлтгэсэн. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд нифайчуудын хуучин хуулиа хөсөр хаяж, шинэ рүү орж чадсан шалтгаануудыг тодорхойлсон:

“Нифай үндэстэн шүтэн бишрэгчид үүнийг Нифайн бошиглогчид хуулийн шилжилтийн мөн чанарыг болгоомжтой заадгаас еврейчүүдийн ертөнцийнхөөс илүү бэлнээр ойлгож байсан нь тодорхой. Абинадай ‘Одоогоор Мосегийн хуулийг дагах ёстой нь зайлшгүйг би та нарт хэлье; гэвч би та нарт хэлнэ, Мосегийн хуулийг дагах нь цаашид зайлшгүй байхаа болих тэр цаг ирэх болно’ гэжээ.[Moзая 13:27; налуу бичилт нэмэгдсэн болно.] Үүнтэй адилаар Нифай ‘Бидний хүүхдүүд уг хуулийн үхмэлийг мэдэж болно хэмээн бид уг хуулийн талаар ярьдаг; мөн тэд, уг хуулийн үхмэлийг мэдсэнээрээ, Христэд байх тэрхүү амьдралыг харуулдаж болох ажгуу, мөн уг хууль ямар зорилгын тулд өгөгдсөнийг мэдэх бөлгөө. Мөн Христээр уг хууль биелэгдсэний дараа, хууль цуцлагдах ёстой байхад тэд зүрх сэтгэлээ түүний эсрэг хатууруулах хэрэггүйг мэдэх болно.’ гэж цохон тэмдэглэсэн [2 Нифай 25:27; налуу бичилт нэмэгдсэн болно.]

“Мосегийн хуулийг харанхуй бүдүүлгээр хамгаалж зүрх сэтгэлээ Христийн эсрэг хатууруулахын эсрэг сэрэмжлүүлсэн—тиймэрхүү сургаал тэр үед Хуучин ертөнцөд амьдарч байсан мөн өнөөдөр дэлхий даяар амьдарч байгаа олонд үйлчилж (мөн аварч)” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon (Христ ба Шинэ гэрээ: Мормоны Номын Мессиа захиас) [1997], 156–57).

3 Нифай 15:5–8. Гэрээ бүгд гүйцэлдээгүй

Есүс “өөрийн хүмүүстэй хийсэн миний гэрээ бүгд гүйцэлдээгүй” гэж хэлсэн нь ямар утгатай вэ?(3 Нифай 15:8). Эрт цагт Иехова Абрахамтай гэрээ хийсэн. Абрахамд (1) мөнхийн хөгжил дэвшил, (2) өвийн нутаг болон (3) Бурханы санваарын хүч амлагдсан. Эдгээр амлалтууд нь мөн түүний үр удамтай хийгдсэн бөгөөд (C ба Г 132:30–31-ийг үзнэ үү) ирээдүйд гүйцэлдэх болно.